Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн хамтарсан мэдээлэл

Үргэжлэх хугацаа:
Хурлын шийдвэр оруулсан огноо: 04/06/2021 12:00 байна

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                                                 2021 оны 06-р сарын 04

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 06 дугаар сарын 04-нд хагас онлайн байдлаар зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу толгой компаний төлөөлөл Ковид-19 цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний дэглэмийг баримтлан соёлын төвийн хурлын танхимд, Оюу толгой компаний зарим төлөөлөл цахимаар оролцлоо.

Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг дэлгэрүүлэн хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.

  • Гурван талт зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хянаж эцэслэв.
  • Ханбогд сумын малчдын 20-н гар худаг засварлах аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалтыг Оюу толгой компани хангамжийн хэлтсийн бодлого журмын дагуу зохион байгуулахаар шийдвэрлэв.
  • Гурван талт зөвлөлийн малчдын гомдол барагдуулах гэрээ 1 болон 2-ийн гэрээний хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ, Оюу Толгой компаний нүүлгэн шилжүүлэлт нөхөх олговорын хөтөлбөрийн хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулах тендерийн ажлын даалгаварт Гурван Талт Зөвлөл ба оролцогч талууд санал өгөх ажлыг 14 хоногийн хугацаатай сунгав.
  • Мал нядалгааны зам, малчны зах төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хийхээр тохирсон ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Төслүүдийн засаглалын бүтцийг бүрдүүлэх Дундын хоршоо байгуулах ажил ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас улбаалан удаашралтай байгааг онцолж халдвар хамгааллын дэглэм хязгаарлалт тогтоосон шийдвэр өөрчлөгдсөн үед Малчдын тал яаралтай зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгов. Төслүүдийг хэрэгжүүлээх газрын байршлыг 2021 оны 04 дүгээр сард орон нутгийн засаг захиргааны тал шийдвэрлэсэн бөгөөд Ханбогд сумын аж үйлдвэрийн бүсэд газар олгосон. Төслүүдийн зураг төсөл ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг Оюу Толгой тал хариуцан ажиллаж байгаа бөгөөд холбогдох тендерийг зарласан.
  • Орон нутгийн 2 малчнаас ирсэн өргөдөл, хүсэлтийг хэлэлцэн нэг өргөдөлд орон нутгийн засаг захиргааны тал, нөгөө өргөдөлд Оюу Толгой компанийн тал тус тус хариуцаж хариу өгөхөөр шийдвэрлэв.
  • Гомдол барагдуулах гэрээний хавсралт Б -д заасан МАА-н 10-н жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх ажлын хэсгийг 7 гишүүнтэй, Ковид-19-ын Ханбогд сумын малчдад үзүүлсэн нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 9 гишүүнтэй байхаар тус тус өргөтгөж шийдвэрлэв.
  • Гурван талт зөвлөлийг ахлах ажлыг талууд тус бүр жилийн хугацааатай гүйцэтгэх ГТЗ-ийн дүрмийн дагуу орон нутгийн засаг захиргааны талаас Малчдын төлөөллийн ахлагчид шилжүүлэв.

Гурван талт зөвлөл

Санал болгох мэдээ