Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн хамтарсан мэдээлэл

Үргэжлэх хугацаа:
Хурлын шийдвэр оруулсан огноо: 09/09/2022 12:00 байна

Улаанбаатар хот                                                                   2022 оны есдүгээр сарын 04

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр танхимын болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл, Оюу Толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтэн, Хаягдлын сан хариуцсан ахлах мэргэжилтэн, “Мөнх ногоон Галба” ТББ-ын төлөөлөл, ажиглагчаар Кембриджийн их сургуулийн судлаачид  оролцлоо.

Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.

  • Мал нядалгааны шугам, малчны захын үйл ажиллагааг хариуцах менежментийн хоршоо үүсгэн байгуулах явцын мэдээлэл (анхан шатны хоршоодын мэдээлэл, дундын хоршоо байгуулах төлөвлөлт)-тэй танилцаж, анхан шатны хоршоонд малчид гишүүнээр элсэх, дундын хоршоо үүсгэн байгуулах ажлыг эрчимжүүлэх, зохион байгуулалтын бусад асуудлаар Гурван талт зөвлөл, Анхан шатны хоршооны дарга, тэргүүлэгчид, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын төлөөллүүдийг оролцуулан Ханбогд сумын төвд 09 дүгээр сард багтаан уулзалт зохион байгуулахаар тохиров.
  • ГТЗ-ийн гомдол барагдуулах гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг эрчимжүүлэх, хэрэглэгч малчдын сэтгэгдлийг харгалзан хүлээн авч байх чиглэлийг ажлын хэсэгт өглөө.  
  • (Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2)-ний хэрэгжилтийг үнэлүүлэх хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулах хамтарсан ажлын хэсэг байгуулав.
  • ГТЗ-ийн дүрэм, дүрмийн хэрэгжилт, засаглалын үр дүнтэй байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэхийг дэмжив.  
  • Малчдын гомдол барагдуулах гэрээний дагуу хэрэгжүүлсэн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зуун хувь хэрэгжсэн гэж дүгнэв. Хөтөлбөрийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар нарийвчлан судалж, боломжит хувилбар боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөв.   
  • Оюу Толгой төслийн Хаягдал хадгалах байгууламжийн шүүрлийн асуудалтай холбоотойгоор ГТЗ-ийн Удирдах нэгж, “Мөнх ногоон Галба” ТББ, холбогдох бусад гадаад, дотоодын мэргэжлийн байгууллага, судлаачид, зөвлөхүүдийг оролцуулан Ханбогд сумын төвд нэгдсэн хурал зохион байгуулахаар тохиров.
  • Хаягдал хадгалах байгууламжийн далантай холбоотой асуудлаар Оюу Толгой компани, “Мөнх ногоон Галба” ТББ, хамтарсан ажлын хэсгийн зүгээс Ханбогд сумын Жавхлант багийн ИНХ дээр дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгөхөөр шийдвэрлэв.
  • Оюу Толгой компанийн зүгээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилтийн явц, усны менежментийг танилцууллаа. Гурван талт зөвлөлийн дараагийн ээлжит хурлыг устай холбоотой сэдвээр зохион байгуулахаар тохиров.
  • Малчдаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж, хариуг бичгээр өгөхөөр тохиров.

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛ

Санал болгох мэдээ