Ханбогд сумын Гурван талт зөвлөл нь Ханбогд сумын засаг захиргаа, малчид, “Оюу толгой” ХХК-ийн талаас тэнцүү тооны төлөөлөлтэйгөөр 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан. Зөвлөл нь талуудын хооронд хийгдсэн Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ажилладаг бөгөөд Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх дүрмийг хамтран боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Зөвлөлийн дүрмээр үйл ажиллагаа, гишүүнчлэл, эрх хэмжээ, шийдвэр гаргах үйл явц болон санхүүжилтийн асуудлыг зохицуулж журамласан. 2012-2013 онд Эрх зүйн нийцэл хяналт, зөвлөгөө, омбудсмэний газарт (Омбудсмэний газар) Ханбогд сумын хэсэг малчдын гаргасан гомдлуудыг барагдуулах шийдэл, арга замыг хамтран хэлэлцэж тохирох, Малчдын гомдол барагдуулах гэрээг байгуулах, улмаар уг гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах нь Зөвлөлийн үйл ажиллагааны гол чиглэл байв. Малчдын гомдлуудыг хэлэлцээний аргаар шийдэх энэхүү үйл явцыг Эрх зүйн нийцэл хяналт, зөвлөгөө, омбудсмэний газраас эвлэрүүлэн зуучилж, чиглүүлж ирсэн.

Омбудсмэний газар бол Дэлхийн Банкны Группийн Олон улсын санхүүгийн корпораци (OУСК) болон Олон талын хөрөнгө оруулалтын баталгааны байгууллагатай (ОТХОББ) холбоотой асуудлаар хөндлөнгийн хараат бус хариуцлагын механизмын үйлчилгээ үзүүлдэг хараат бус, бие даасан байгууллага юм. 2018 оны 11 дүгээр сарын 29-нд Зөвлөлөөс Гомдол барагдуулах ажиллагааны хэрэгжилт хангалттай байна гэж дүгнэсний үндсэн дээр Омбудсмэний газрын эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгоод байна. Зөвлөлийн үйл ажиллагаа цаашид эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо, туслалцаагүйгээр талуудын итгэлцэл дээр суурилан үргэлжилж байна.