Оюу Толгой уурхайгаас орон нутгийн ус, бэлчээрийн нөөц болон малчдын амьжиргаанд учруулж буй нөлөөллийн талаарх гомдлыг Ханбогд сумын малчид 2012 ба 2013 онд тус тус Олон Улсын Санхүүгийн
Корпорацид (ОУСК) гаргасан. ОУСК-ийн хөндлөнгийн хариуцлагын механизм болох Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмений газраас (ЭЗХНЗОГ) Оюу Толгой ХХК ба орон нутгийн малчид хоорондоо эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хэлцлийг нь чиглүүлж ирсэн бөгөөд энэ явцад ус, бэлчээр, малчидтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх үүрэг бүхий, уурхай, малчид, орон нутгийн засаг захиргааны төлөөллийг оролцуулсан Гурван Талт Зөвлөл (ГТЗ) байгуулагдаж, олон жил хэлэлцээр хийсний эцэст 2017 оны 5 сард талууд малчдын гомдлыг барагдуулах Эцсийн хоёр Гэрээг байгуулсан билээ.