Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Үргэжлэх хугацаа: Дууссан
Хурлын шийдвэр оруулсан огноо: 26/09/2023 12:00 байна

————————————————————————–

Ханбогд сум 2023 оны есдүгээр сарын 25, 26

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдөр Иргэдийн хөгжлийн төвд танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл, ажиглагчаар Эрдэнэс Оюутолгой ХХК, Сика судалгааны байгууллага, QMC судалгааны байгууллага, Престиж инженеринг ХХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хурлаар хөтөлбөрт тусгагдсан дараах асуудлуудыг хэлэлцлээ.

– Малчдын гомдол барагдуулах 2 гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор 2023 онд хийхээр төлөвлөсөн ажлын явцаас

o 8 гар худгийг засварлах ажил дууссан

o 20 худагт нарны толь суурилуулах ажлын гүйцэтгэгч шалгарч, ажил эхлэхэд бэлэн болсон.

o 8 гүний худаг гаргахаас 7 байршилд өрөмдлөг хийгдсэн, 5 худгийн байшин баригдсан.

o 18 технологийн худаг гаргах ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах шатандаа явагдаж байна.

o Ундайн өв соёл төслийн санхүүжилтийг 2023 оны 09 сардаа багтаан олгоно.

– “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-ний хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээний ажил үргэлжилж байна.

– Нөхөх олговрын хөтөлбөрийн хаалтын хөндлөнгийн үнэлгээний хүрээнд орон нутгийн иргэдтэй хийх ярилцлага, хэлэлцүүлэг хийгдэж дууссан.

– Оюутолгой төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тодотголын хүрээнд 2023 оны 10 сард орон иргэдтэй хэлэлцүүлэг хийнэ.

– Оюутолгой-Дэлийн бууц хүртэлх автозамын зураг төсөл, судалгаа хийгдэж байгаа бөгөөд 2024 онд барилгын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

– Оюутолгой уурхайн лицензийн талбайн хашааг мал, зэрлэг амьтан орохоос сэргийлэх сайжруулалтын ажлыг 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй байна.

– Оюутолгой-Манлай чиглэлийн сайжруулсан шороон замыг хусах, сайр гатлах хэсгийг сэргээн засварлах ажил эхэлсэн байна. Хучилт, дүүргэлтийн ажлыг Манлай сумын нутаг дэвсгэрээс эхлэхээр төлөвлөсөн. Төлгийн тал дахь замын хажуугийн олон салаа замын нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттайгаар дүйцүүлэх байдлаар хийхээр тендер шалгаруулалт явагдаж байна.

– Оюутолгой-Манлай чиглэлийн замын нөхөн сэргээлт, ашиглалт, засвар үйлчилгээ, тоосжилтыг бууруулах чиглэлээр урт хугацааны төлөвлөлтийг Оюутолгой компани боловсруулж, ГТЗ-д танилцуулахаар шийдвэрлэв.

– Мал аж ахуйн 10 жилийн хөтөлбөрийн хавсралтад тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх менежментийг Ханбогд сумын нийт малчдын байгуулсан дундын хоршоо хариуцаж, гүйцэтгэгчээр 4 багийн анхан шатны хоршоод байхаар шийдвэрлэлээ.

– Оюутны сургалтын тэтгэлэлт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацааг 2023 оны 09 дүгээр сарыг дуустал сунгасан бөгөөд цаасан хэлбэрээр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвийн 2 давхарт, мэйлээр uuganbayar@cssmongolia,org хаягаар хүлээн авна.

– Тэмээ, хонины ноос хяргах төсөл, Арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Тэмээ, хонины ноосоор утас ээрэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийн оронд анхан шатны хоршоо тус бүрт Эрчимжсэн махны үүлдрийн ферм байгуулж төслийг хэрэгжүүлэхээр тохиров.

– Ингэний сүүг бэлтгэж, зах зээлд нийлүүлэх Ингэний ферм байгуулах төсөл, Бүсийн сумдын тэмээ, хонины ноосыг угаах үйлдвэр байгуулах төслүүдийн нарийвчилсан судалгааг эхлүүлэхээр шийдвэрлэв.

– Дундын хоршоо байгуулах анхдугаар хуралдааныг анхан шатны 4 хоршооны ижил тооны төлөөлөлтэйгээр зохион байгуулахаар боллоо.

– Ногоон тэжээлийн ургамал тариалах төслийг мэргэжлийн байгууллагын оролцоотой туршилт эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

– Хаягдал хадгалах байгууламж болон түүний шүүрлийн нөхцөл байдалд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлын даалгаварт малчдын зөвлөхүүдийн саналыг тусгахаар тохиров.

– Халив-Дугатын голын урсацын тохируулга хийх төслийн мэдээлэл авч, байгальч орчныг хамгаалах, голын бүрэн бүтэн байдлыг хадгалах чиглэлээр төлөвлөж буй ажлын мэдээлэл авахаар тохирлоо.

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛ

Санал болгох мэдээ