ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН МАЛЧДЫН НИЙТИЙН НӨХӨН ОЛГОВРЫН ХҮРЭЭНД САНХҮҮЖҮҮЛЭХ МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Оюу толгой компани Ханбогд сумын Засаг захиргаа, ба орон нутгийн малчид 2015 онд гурван талын төлөөлөл бүхий “Гурван талт зөвлөл”-ийг байгуулсан. Энэхүү зөвлөл нь Малчдын гомдол барагдуулах гэрээний хэрэгжилтийг хангах зорилготой бөгөөд малчдын амьжиргаа, ус бэлчээртэй холбоотой аливаа асуудлаар хэлэлцэж, хамтарсан шийдвэрийг гаргадаг.

Гурван талт зөвлөлийн шийдвэрээр Малчдын гомдлыг барагдуулах гэрээ 1,2-ийн хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн нөхөн олговорын төслүүдийн менежментийг сумын малчдын үүсгэн байгуулсан “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хариуцаж ажиллана.

Уг төслүүдийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ханбогд сумын Засаг дарга, “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо болон “Оюу толгой” компанийн төлөөлөл гарын үсэг зурлаа. Санамж бичигт “махны чиглэлийн өсвөр үхэр бордох”, “Ингэний сүү бэлтгэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх”, “хонины ноосон бордоо бэлтгэх” төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслүүд нь малчдын орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь тогтолцоог бий болгох ач холбогдолтой.  

Мөн энэ үеэр Нийтийн нөхөн олговорын төслүүдийн нэг болох “Махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм байгуулах” төслийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, төслийн хэрэгжилтийг албан ёсоор эхлүүллээ. Төслийн санхүүжилтэд Дундын хоршооноос 375 сая төгрөг, Оюу Толгой ХХК-иас 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм. Уг төслийн үр дүнд бүс нутагт эрчимжсэн аргаар мал бордох загвар аж ахуйг бий болгож, мал сүргийн ашиг шимт чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дэмжих, хөдөөгийн хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжсэн нөхцөл бүрдэх юм.

Санал болгох мэдээ