ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН
ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ
Өмнөговь аймаг Ханбогд сум 2025 оны хоёрдугаар сарын 24
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2025 оны 02 дугаар сарын 04 ба 24-ний өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.
ГТЗ нь “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ийн холбогдох заалтын хүрээнд 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр баталлаа.
- Бэлчээрийн усны нөөцийн судалгааны үр дүнтэй танилцах, гүн өрмийн худаг гаргах талаар хэлэлцэх;
- Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд технологийн худаг 8, гар худаг засвар 12, нарны толь 12 тус тус суурилуулах;
- Нөхөн олговрын хөтөлбөрийн хаалтын аудитын үр дүнд үндэслэн ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;
- Малчдын хороо бууц сэргээн засварлах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар гэрээний нөхцөл байдлыг судлах, заалтыг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах;
- Малчны захын 2020 онд хийсэн зураг төсвийг зөвлөл дахин хэлэлцэх, ТЭЗҮ хийх;
- Малын тэжээлийн ургамлыг тарьж турших ХААИС-ийн мэргэжлийн багийн оролцоотой хийсэн туршилтын тайланг сонсож, хэлэлцэж шийдвэрлэх;
- Хөв цөөрөм байгуулах ажлыг судлах;
- Залуу малчин хөтөлбөрийн ажлуудыг бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах, малчдын зөвлөгөөн зохион байгуулах, гадаад улсад туршлага судлах;
- Мал нядлах, мах бэлтгэх үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулах;
- Бор Овоогийн задгайн ургамалжуулалтын ажлыг үргэлжлүүлж, нөхөн тарилт хийх;
- Уст баг модны карьерийн ургамалжуулалтын ажлыг үргэлжлүүлж, нөхөн тарилт хийх;
- Хаягдлын сангийн шүүрлийн усны чанар, хөдөлгөөний хамрах хүрээ, хор судлалын судалгааны тайланг сонсох, иргэдэд мэдээлэл өгөх;
- ОТ тал багийн иргэдийн нийтийн хурал болон малчин өрхөөр зочилж тогтмол мэдээлэл өгөх, малчдын гомдол хүсэлтийг тухай бүр шийдвэрлэх;
- Ингэний фермийн төслийг өрхийн хэмжээнд хэрэгжүүлэх;
- Өсвөр үхэр бордох төсөл хэрэгжүүлэх;
- Тэмээ, хонины ноосны нэмүү өртөг шингээх төслийн хувилбарыг боловсруулах;
- ГТЗ-ийн засаглалын хэрэгжилт болон “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-ний биелэлтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;
- Одоо баригдаж байгаа ОТ-Дэлийн бууцны зам дагуу тээврийн хэрэгсэл, мал гатлах боломжгүй хэсгийг засварлах, барилгын ажлын үед малын түр гарам, усалгаа, карьерын аюулгүй байдал хангах;
- ГТЗ-ийн үйл ажиллагааны мэдээллийг малчдын төлөөллийн зүгээс улирал бүр харъяа багийн малчдад хүргэх;
- Цаг хүндэрсэн үед малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх;
- Хараат бус нарийн бичгийн байгууллагын ажлыг үргэлжлүүлэх ;
- Зөвлөлийн гишүүд уул уурхайн чиглэлээр зохион байгуулагдаж буй бүсийн болон орон нутгийн хэмжээний уулзалт зөвлөгөөнд оролцох, туршлага солилцох;
- ГТЗ-ийн 10 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах;
- Ундайн гол өв соёл төсөл үргэлжлүүлэх;
- Хамтын оролцоотой Байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх;
- Халив-Дугатын голын өөрчлөлтийн сувгийн бүрэн бүтэн байдлыг сайжруулах ажлын мэдээллийг ГТЗ болон малчдад танилцуулах;
- ОТ-Манлай чиглэлийн шороон замын засвар арчилгааг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Гүний хоолойн замын маршрутын бус тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах;
- Хаягдал хадгалах сангаас шүүрэл гарсан зөрчлийн засаж сайжруулах арга хэмжээний хэрэгжилтийг зөвлөл, иргэдэд танилцуулах;
- Гүний уурхайн суултын бүсийн БОННҮ-ний тайланг зөвлөл болон малчдад танилцуулах
- ГТЗ-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах;
- “Хэрлэн тоонот” төслийн ТЭЗҮ-ийн явцын талаар гүйцэтгэгч байгууллагаас мэдээлэл авах, малчдад мэдээлэл өгөх;
- ОТ-Манлайн шороон замын дагуу үүссэн олон салаа замын нөхөн сэргээлтийг дүйцүүлэх байдлаар “Төлөгийн тал”-д нутгийн ургамал тариалах ажлыг үргэлжлүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж сайжруулах;
Ханбогд сумын Гурван талт зөвлөл