2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ГТЗ-ийн гишүүд Оюу толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутгийн харилцааг хариуцсан ерөнхий менежер Kyle Buckoll, Орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар, нийтийн нөхөн олговрын төслүүдийг хариуцан ажиллаж байгаа О.Цэрэннадмид менежер нартай уулзалт хийж хэрэгжилт удааширсан төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах арга зам ба бусад тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэж санал солилцов. Оюу толгой ХХК-ийн зүгээс ГТЗ-ийн шийдвэр гаргах процессыг сайжруулах, удирдлагын түвшинд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.Уулзалтаар дараах сэдвээр санал солилцов. Үүнд:
1. Ингэний сүүг өрхийн түвшинд цахилгаан саалтуураар саах төсөл–ийн эхний шатыг 15 өрхөд хэрэгжүүлэх гэрээг 2025 онд багтаан байгуулж, санхүүжилтийг олгох. Уг төслийн хүрээнд нийт 56 өрхийг хамруулахаар төлөвлөж байна.
2. Мах бэлтгэх, мал нядалгааны үйлдвэр барих төсөл–ийн барилгын ажлыг 2026 оны 3 дугаар сард багтаан эхлүүлэх.
3. Ноосон бордоо бэлтгэх төсөл–ийн цар хүрээ, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын судалгааг 2026 оны 1 дүгээр сард бизнесийн зөвлөх байгууллага, ажлын хэсгийн гишүүд болон хэрэгжүүлэгч байгууллага болох дундын хоршооны гишүүд хамтран хийж, төслийн гэрээг эцэслэх.
4. Малын тэжээлийн ургамал тариалах төсөл–ийг хөрс, усны шаардлагыг хангасан, нарны тольтой, тариалан эрхлэх сонирхолтой айл өрхүүдэд боломжит хувилбараар хэрэгжүүлэх.
5. Ханбогд сумын дөрвөн багийн хэмжээнд хөв цөөрөм байгуулах ажлын боломжит хувилбаруудыг мэргэжлийн судалгааны байгууллагаар судлуулах.
Уул уурхайн нөлөөллийг үнэлэх, бууруулах, хянах ажлуудыг Оюу толгой ХХК нь өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч төлөвлөгдсөн олон ажлууд байгааг компанийн удирдлагууд онцлон мэдээлэв. Мөн эдгээр ажлын талаар иргэд, малчид, олон нийтэд нээлттэй, тогтмол мэдээлж ажиллахаа илэрхийллээ.


