Гурван талт зөвлөлийн (ГТЗ) шийдвэрийн дагуу хэрэгжиж буй “Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх” төслийн хүрээнд Гал морин жилийн босгон дээр Ханбогд сумын эхний 15 малчин өрхөд цахилгаан саалтуур болон дагалдах тоног төхөөрөмжийг албан ёсоор гардууллаа. Уг төслийг Ханбогд сумын малчдын үүсгэн байгуулсан “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд ийнхүү өрхийн түвшинд технологийн шинэчлэл бодитоор эхэлж байна.
Төсөл нь Малчдын гомдол барагдуулах гэрээний хүрээнд хэрэгжиж буй нийтийн нөхөн олговрын нэг хэсэг бөгөөд ингэний сүүний үйлдвэрлэлийг илүү үр ашигтай, стандартын шаардлага хангасан хэлбэрт шилжүүлэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой.
Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ханбогд сумын Засаг дарга, “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо болон “Оюу толгой” компанийн төлөөлөл гарын үсэг зурсан. Үүний дараа 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Оюу толгой” компани болон “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо санхүүжилтийн гэрээг байгуулж, төслийн санхүүжилтийг шилжүүлснээр хэрэгжилт эхлэх нөхцөл бүрдсэн юм.
![]() |
![]() |
Цахилгаан саалтуурыг малчин өрхүүд ашигласнаар:
- Саалийн ажиллагаа хөнгөвчлөгдөж, хөдөлмөрийн ачаалал буурна
- Сүүний гарц нэмэгдэнэ
- Ариун цэвэр, чанарын шаардлагыг тогтвортой хангах боломж сайжирна
- Өрхийн үйлдвэрлэлийн тогтвортой байдал бэхжинэ
Төсөл нь нийт 56 малчин өрхийг хамруулахаар төлөвлөгдсөн бөгөөд 2026 онд үлдсэн 41 өрхийг үе шаттайгаар хамруулна.
Төслийг Ханбогд сумын малчдын үүсгэн байгуулсан “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хариуцан хэрэгжүүлж байна. Малчдын өөрсдийн байгууллага төслийн менежментийг хариуцаж буй нь орон нутгийн оролцоо, хариуцлага, тогтвортой байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Төслийн үр дүнд ингэний сүүний үйлдвэрлэл өрхийн түвшинд шинэ шатанд гарч, малчдын амьжиргаанд бодитой дэмжлэг үзүүлэх чухал алхам болж байна.

