
ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН
ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ
Өмнөговь аймаг Ханбогд сум 2024 оны есдүгээр сарын 24
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.
- Зөвлөлийн хараат бус нарийн бичгийн байгууллагын 2022-2024 оны үйл ажиллагааны тайлан, нөхөн олговрын хөтөлбөрийн хаалтын аудитын тайлан, Ханбогд сумын бэлчээрийн усан хангамжийн судалгааны ажлын төлөвлөгөө, орон нутгийн бизнесийн хөгжлийн зөвлөхийн ажлын төлөвлөгөөтэй тус тус танилцав.
- Зөвлөлийн хараат бус нарийн бичгийн байгууллага сонгон шалгаруулах ажлын даалгаврыг хэлэлцэв.
- “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-ний биелэлт, ГТЗ-ийн дүрмийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлыг нэгтгэж, 2025 онд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
- Манлай-Оюутолгой чиглэлийн сайжруулсан шороон замыг засварлах ажлыг Оюутолгой компани хариуцан гүйцэтгэж, зөвлөлийн дараагийн ээлжит хурлаар тайланг танилцуулахаар шийдвэрлэв.
- Зөвлөлд хандан ирүүлсэн малчдын өргөдлийг хэлэлцэж, холбогдох талуудад шилжүүлэх, хариуг хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.
- Хаягдал хадгалах байгууламжаас алдагдсан нэвчилтийг зогсоох, засаж сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй хяналтын арга хэмжээний явцын танилцуулгыг сонсож, малчдын зөвлөх “Аккаунтибилити коунсил” байгууллагын төлөөллүүдтэй газар дээр нь үзэж танилцахаар тохиров.
- “Залуу малчин” хөтөлбөрийг орон нутгийн бизнесийн хөгжлийн зөвлөх багаар хийлгэхээр шийдвэрлэв.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл