ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН
ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ
Өмнөговь аймаг Ханбогд сум 2025 оны тавдугаар сарын 12,13
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2025 оны 05 дугаар сарын 12 болон 13-ний өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл оролцлоо.
Мөн хуралд МИРИМ бизнесийн зөвлөх байгууллага, ХААИС, Монголын Гидрогеологи геоэкологичдийн холбоо, ШУТИС-ийн төлөөлөл, ОТ Далангийн баг, Орон нутгийн харилцааны мэргэжилтнүүд оролцов.
Гурван талт зөвлөл нь Малчдын гомдол барагдуулах гэрээний хүрээнд 2025 онд 34 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой чиглэлүүдээр ажлын хэсгүүдийг байгуулж, ажил үүргийг хувиарлан өгч ажиллаж байна.
Хэлэлцсэн сэдэв:
- Хөдөө аж ахуйн төслүүдийн хэрэгжилт, нэгдсэн төлөвлөлтийг хэлэлцэж Малчны зах төслийн хэрэгжүүлэх загварчлалыг ажлын хэсэг тодорхойлох, МИРИМ бизнесийн зөвлөх байгууллага загварчлалд үндэслэж нарийвчилсан тооцоо судалгааг хийх.
- Өсвөр үхэр бордох төслийн төлөвлөгөөг хэлэлцэж, хэрэгжилтийн шатруу шилжүүлэв.
- Ингэний фермийн аж ахуй эрхлэх төслийн хувилбарыг хэлэлцэж Ханбогд сумын тодорхой шалгуур хангасан 56 малчин өрхийн хэмжээнд 2025-2027 онуудад төслийг хэрэгжүүлэхээр тохиров. 2025 онд 12 малчин өрхийн хэмжээнд төслийг хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэв. Бизнес зөвлөх байгууллага төслийн эрсдлийн үнэлгээ, шаардлагатай тооцоо нарийвчлан судалгаа хийх, хэрэгжүүлэгчийг тодорхойлох ажлыг ажлын хэсэгт хариуцуулав.
- Хонины ноосон бордооны үйлдвэр төслийн хувилбарыг бизнесийн зөвлөх байгууллага танилцууллаа. Зөвлөл уг төслийг хэрэгжүүлэхээр тохирч, төслийн нарийвчлан судалгаа хийхийг бизнесийн зөвлөх байгуулагад хариуцуулав.
- Малын тэжээлийн ургамлыг тарьж турших ажлыг ХААИС-ийн мэргэжлийн багийн оролцоотой хийсэн, туршилтын тайланг хэлэлцэж эдийн засгийн тооцоог ХААИС-ийн баг дахин хянаж өгөхөөр тохиров.
- Ханбогд сумын Залуу малчин хөтөлбөрийг Орон нутгийн засаг захиргааны зүгээс танилцуулж, цаашид ГТЗ-ийн авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргахыг ажлын хэсэгт үүрэг өгөв.
- ОТ компаний орон нутгийн Санал гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх шинэчилэгдсэн журмын танилцуулав. ГТЗ-ийн гишүүд журамд санал өгөхөөр тохиров.
- Нүүлгэн шилжүүлэлт, нөхөх олговорын хаалтын аудитын зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх Зорилтот бүлгийн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.
- Хаягдлын далангийн шүүрлийн засаж залруулах арга хэмжээний биелэлтийн явцын мэдээлэл сонсож санал өгөв. Мэдээллийг малчдад хүртээмжтэй хүргэж байх талаар санал солилцов.
- ОТ-Манлайн шороон замын дүйцүүлэн нөхөн сэргээлтийг Төлөгийн талд хийх, Бор Овоогийн задгай, Уст баг модны карьерийн ургамалжуулалт, нөхөн тарилтын ажлын явц, төлөвлөгөөний танилцуулгыг сонсов. Шинэ Бор овоогийн задгайн ургамалжуулалтын ажил бүрэн хэрэгжсэн тул ГТЗ-д хүлээлгэн өгөхөөр тохиров.
- Ус хуримтлуулах элсэн далангийн туршилтын төслийг ШУТИС-ийн судалгааны баг танилцуулж санал солилцов.
- Бэлчээрийн усан хангамжийн ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, 2025 оны төлөвлөгөөний дагуу Ханбогд сумын 4 багийн нутагт 8 технологийн худаг, 12 гар худаг засвар, 12 нарны толь суурилуулах өрхийн нэрсийг тохиров.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл