Өмнөговь аймаг Ханбогд сум 2021 оны 01-р сарын 28
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн (ГТЗ) хурал 2021 оны 01 дугаар сарын 28-нд хагас онлайн байдлаар хурлыг зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл Ковид-19 цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний дэглэмийг баримталж иргэдийн хөгжлийн төвийн танхимаас, Оюу толгой компаний төлөөлөл цахимаар оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг дэлгэрүүлэн хэлэлцэж дараах шийдлүүдийг гаргав.
- Гурван талт зөвлөлийн үйл ажиллагаанд малчид иргэдийн санал, сэтгэгдэлд шуурхай хариу өгөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зөвлөлийн Вэбсайт болон олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулах журмын төслийг хэлэлцэж баталлаа.
- Малчдын гар худгыг засварлах байгууллагыг сонгох тэндэр болон ГТЗ-ын хараат бус нарийн бичгийг сонгон шалгаруулах тэндрийн зарласан хугацааг орон нутгийн байгууллагуудыг оролцуулах боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хугацааг 3 долоо хоногоор сунгахаар шийдвэрлэсэн.
- ГТЗ-ын малчдын төлөөллийн үйл ажиллагааны зардалтай холбоотой асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулав.
- Малчдын гомдлыг барагдуулах 1-р гэрээний хавсралт Б-д орсон Ханбогд сумын Мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлогын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх ажлын хэсэг байгуулж, хэрэгжилтийг зөвлөлд танилцуулахаар тохиров.
- 2011-2020 онд давхардсан тоогоор орон нутгийн 249 малчин өрхөд хувь өрхийн нөхөх олговор хэлбэрээр нийтдээ 10 тэрбум төгрөгийг олгосон мэдээллийг Оюу толгой компаниас танилцууллаа.
- Орон нутгийн 5 малчнаас ирсэн хүсэлт, өргөдлөөс 1 өргөдлийг хэлэлцсэн ба Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ахмад малчдад нийтийн нөхөх олговрын зарчимтай уялдуулж, цаашид хамтран ажиллах боломж нөхцлийг судлахаар ажлын хэсэг байгуулав.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл