Өмнөговь аймаг Ханбогд сум 2021 оны 08-р сарын 25,26
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 08 дугаар сарын 25,26-нд танхим болон онлайн хосолсон байдлаар зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу толгой компаний төлөөлөл Ковид-19 цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний дэглэмийг баримтлан оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.
- Ковидын үеийн нөлөөллийг судлах ажлын хэсгийн судалгаанд үндэслэн Малчдын гомдол барагдуулах гэрээ 1,2-ийн №3-т заасны дагуу Эрүүл малчин-3 хөтөлбөр, малчдын хороо бууц засварлах ажлыг хэрэгжүүлэхээр тохиров.
- Гар худаг, хороо бууц засварын баг байгуулах малчдын төслийн саналыг хэлэлцэж 2021.06.04-ний өдрийн хурлаар ярилцаж тохирсны дагуу гар худаг, хороо бууц засварын ажлыг жил бүр тендерийн зарчмаар хэвээр үргэлжлүүлэхээр тохиров.
- 2020 оны 20н гар худаг засварлах ажлыг Ханжавхлант компани гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 50% -тай байна. 2021 онд засварлах 20 гар худгийн засварын ажлыг орон нутгийн засаг захиргааны зүгээс Ханжавхлант компаний гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслэн шийдвэрлэнэ.
- Малчдын гүний худагт нарны толь, нацосс суурилуулсан ажлын ашиглалтын байдал, 80%-тай байгаа тул, нэмж суурилуулах хэрэгцээ судалгааг гаргах, мөн Ханбогд сумын бэлчээрийн усан хангамжийн зураглал гаргасан бөгөөд малчдын санал дээр суурилсан тооцоолол судалгаа гаргах ажлын хэсгийг тус тус байгуулав.
- Мал аж ахуйн 10н жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх ажлын хэсэгт үргэлжлүүлэн ажиллах даалгаварыг өгөв.
- Малын тэжээлийн ургамал тариалах төслийг судлах ажлын хэсэг Говийн хөрсөнд ургах боломжтой судан өвс, эрдэнэшиш тариалж үрийг зарж борлуулах төслийн талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх багаас мэдээлэл өгөв. Ажлын хэсэгт эдгээр ургамлыг тариалж үрийг борлуулах үр ашгийн тооцоолол хийлгэх даалгавар өглөө.
- Оюу Толгойн хяналт ТББ, Говийн газар шороо ТББ-аас Оюу Толгой компанид ирүүлсэн захидлыг уншиж танилцаж, зөвлөлтэй холбоотой зарим асуудлын талаар зөвлөлийн ээлжит хурлаар тус 2 ТББ-тай мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулахаар тохиров.
- ГТЗ-ийн хараат бус Нарийн бичгийг ажиллуулах байгууллагыг сонгох тендерийг Оюу Толгой компаниас зарлаж тендерийн хугацаа 2021.08.20нд хаагдсан. Тендерийн сонгон шалгаруулалтыг Оюу толгой компаний хангамжийн хэлтсийн бодлого журмын дагуу зохион байгуулахаар тохиров.
- Мал нядалгааны зам, Малчны зах төслүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг хариуцаж авсан талууд болох Орон нутгийн засаг захиргаа, Оюу Толгой компани, Малчдын төлөөллүүд мэдээлэл өглөө. Оюу Толгой компаний хариуцсан төслийн ТЭЗҮ, Зураг төсөл боловсруулах ажил цаг хугацаандаа хэрэгжиж байгаа бөгөөд Малчдын төлөөллийн хариуцсан баг тус бүрт анхан шатны хоршоо, дундын хоршоо байгуулах ажил Ковид 19 цар тахалтай холбоотойгоор төлөвлөсөн хугацаанаас 1 жил гаруй хугацаагаар хойшилсон. Хурал зохион байгуулахад Өмнөговь аймгийн онцгой комиссийн шийдвэрийг хүлээж байна.
- Оюу Толгой компаний Байгаль орчны хэлтэс 2021 оны ажлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Танилцуулгад байгаль орчны олон асуудлыг хөндөж ярьсаны дотор Ундай голын мониторингийн асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Гурван талт зөвлөл