Ханбогд сум 2022 оны нэгдүгээр сарын 19
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд танхим болон онлайн хосолсон байдлаар зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл Ковид-19 цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний дэглэмийг баримтлан оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.
- Оюу Толгой гүний уурхайн бүтээн байгуулалт болон цаг үеийн бусад мэдээлэлтэй танилцаж, цаашид гүний уурхайн үйл ажиллагаатай холбоотой үүсэх нөлөөлөл, үр дагаврын талаар малчдад мэдээлэл хүргэх ажлыг Оюу Толгой компанийн зүгээс эрчимтэй зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
- “Говийн газар шороо” ТББ-аас ирүүлсэн албан шаардлагын талаарх мэдээлллийг сонсоод “Говийн газар шороо” ТББ-тай ГТЗ-ийн гишүүд уулзаж, шаардлагад дурдагдсан асуудлаар ярилцах нь зүйтэй гэж үзээд, 2022 оны 01 сарын 19-ний 15.00 цагаас Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд уулзалтыг товлож, уулзалт хийв. Уулзалтад “Оюу Толгой хяналт” ТББ болон малчин иргэдийн төлөөлөл оролцов.
- “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ын хэрэгжилтийг үнэлж, зорилтын тус бүрийн гүйцэтгэлийг нэгтгэн 74 хувиар үнэллээ. Хурлаар урт хугацаанд хэрэгжүүлэх болон нэг удаагийн шинжтэй ажлуудыг ялган эрэмбэлж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хэрэгжүүлэх хугацааг тодорхойллоо.
Шийдвэрлэсэн нь:
– Гэрээний 1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд суманд бэлчээр ашиглагчдын холбоо байгуулах, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, үр дүнг тооцож ажиллах;
– Гэрээний 1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд 2022 онд баг бүрт гүн өрмийн худаг 2, 16 гар худаг засварлах, туршилтын гар худаг 4-ийг тус тус шинээр гаргах. Цаашид худаг шинээр гаргах болон засварлах ажлыг 2027 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд квотыг жил бүр тогтоох.
– Гэрээний 3.2, 4.4, 4.8 дахь заалтуудын хүрээнд хөөн хэлэлцэх гэрээ байгуулаагүй нөлөөллийн бүсийн 3 өрхийн гэрээг 2022 онд багтаан яаралтай хийлгэхэд анхаарах
- Орон нутгийн 2 малчнаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Зөвлөлийн шийдвэрийг өргөдөл гаргасан малчдад бичгээр танилцуулахаар тохиров.
- Зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг урьдчилсан байдлаар хэлэлцэн батлав. “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ний хэрэгжилтээс 2022 онд хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөгөөнд оруулав.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл