ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН САЙН ТУРШЛАГЫГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА

2026 оны 11 дүгээр сарын 9-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны Хариуцлагын Механизмаас зохион байгуулсан “Маргаан шийдвэрлэх тухай долоо хоног” олон улсын арга хэмжээнд Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн төлөөлөл Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцааны хэлтсийн Ахлах зөвлөх П. Золбуянхишиг болон Ханбогд сумын Жавхлант багийн малчдын төлөөлөл Н. Ширнэн нар малчдын гомдлыг хэлэлцээрийн зарчмаар шийдвэрлэсэн туршлага, хамтын ажиллагааны онцлог, хүрсэн үр дүнгээ танилцууллаа.
Түүнчлэн малчдын гомдол албан ёсоор шийдвэрлэгдэж хаагдсаны дараа ч талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тулгамдсан асуудлуудаа хамтран шийдвэрлэж ирсэн туршлагыг хуваалцсан юм. Энэ нь маргааныг зөвхөн шийдвэрлэхээс гадна талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны үндэс болдгийг харуулсан онцлох жишээ байлаа.
Арга хэмжээнд Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Гомдлын Механизм, Америк дундын Хөгжлийн Банкны Хөндлөнгийн Хариуцлагын Механизм, Ногоон Уур Амьсгалын Сангийн Хөндлөнгийн Хариуцлагын Механизм, Африкийн Хөгжлийн Банкны Хөндлөнгийн Хариуцлагын Механизм, Дэлхийн Банкны Маргааныг Шийдвэрлэх Үйлчилгээ, Олон Улсын Хөгжлийн Корпораци, Олон Талт Баталгааны Байгууллага хариуцсан Эрх Зүйн Хяналт Нийцэл Зөвлөгөө, Омбудсмений Газар, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны Хариуцлагын Механизм, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Хөндлөнгий Хариуцлагын Механизм зэрэг гомдол маргааныг шийдвэрлэдэг 4 тив, 7 орны мэргэжилтэн, судлаачид оролцож туршлага, сургамжаа хуваалцлаа.
Энэхүү оролцоо нь Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн туршлагыг олон улсын түвшинд таниулж, ижил төстэй байгууллагуудтай мэдлэг, туршлага солилцох үнэ цэнтэй боломж боллоо.
Гурван талт зөвлөлийн туршлагыг олон улсын тавцанд танилцуулах боломжийг олгож, дэмжин ажилласан Омбудсмэний газар, Оюу Толгой ХХК болон Гурван талт зөвлөлийн нийт гишүүдэд талархал илэрхийлье.
Khanbogd Soum's Tripartite Council

Recommended updates